Улаанбаатар хотын Олон улсын Онгоцны Шинэ буудлын Дулааны станц

Төслийн  танилцуулга

Дулааны станц нь нисэх онгоцны буудлын цогцолбороос 2.5 км-т байрлана. Дулааны станц нь үндсэн корпус, нүүрс хүлээн авах барилга, нүүрс бутлуурт барилга, конвейер 1, 2 нөөц генераторын барилга, насос станцын барилга, үнсний бункерийн байгууламж, харуулын байр гэсэн барилга байгууламжаас бүрдэнэ.

Тус станц нь 14 Мвт-ын хүчин чадал бүхий нам температурт буцламтгай үет шатлалтай 3 ширхэг зуухтай бөгөөд 2зуух ажиллагаанд нэг зуух нөөцөнд байхаар нийт 28 Мвт хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн. Станцын утааны хийн хаягдах үнсийг 99.9 % -иар шүүх чадвартай 3 ширхэг уутат шүүлтүүр, утаа сорогч 3 ширхэг, үлээх салхилуур 3 ширхэг, галын хотлын доод хэсгээс болон уутат шүүлтүүрээс баригдсан үнсийг зайлуулах 2 системтэй бөгөөд энэхүү үнс нь үндсэн корпусийн гадна байрлах 2 ширхэг бункерт тус тусад хуримтлуулан зөөж зайлуулахаар төлөвлөгдсөн.

Нисэх онгоцны буудлыг дулааны эрчим хүчээр хангах зориулалт бүхий 14Мвт-ын 3 иж бүрдэл ялтсан дулаан солилцуур сүлжээний насосуудын хамт суурилагдсан. Ус хангамжийн систем нь 1000м3 ус шахах 3 ширхэг гүний худгаас өргөх насосоор дамжуулан механик болон Na шүүлтүүрүүдээр дамжин боловсруулагдаж сүлжээний болон зуухны тэжээлийн ба нэмэлт ус хангах хими цэвэрлэх байгууламжтайгаар суурьлуулагдсан.

Мөн түүнчлэн 1500м3 эзлэхүүнтэй нүүрсний талбай, нүүрс хүлээн авах бункер, металл илрүүлэгч, металл баригч туузан дамжуулга, тоос сорох төхөөрөмж 5 ширхэг, 12 мм-ээс доош бутлах бутлагч 2 ширхэг, нүүрс хувиарлагч нүүрс хадгалах бункер, нүүрс тэжээгч зэрэг тоног төхөөрөмжийн иж бүрдэл бүхий түлш дамжуулах цогц системтэй юм. Уг станц нь хүний ажиллах хамгийн ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор орчин үеийн автомат удирлагатай агаар сэлгэх болон дулаан солилцуулах төхөөрөмжөөс гадна галын ба холбоо дохиололын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.