“МЭЗ” ХХК нь Ховд аймгийн төвд шинээр баригдсан 42МВт-н /36Гкал/ц/ хүчин чадал бүхий дулааны станцын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 12/50 тоот гэрээг ЭБЭХЯ, ЭХГ-тай /хуучнаар/ байгуулан ажилласан. Тус дулааны станцын зураг төслийг БНХАУ-ын Чендү инженеринг компанид захиалан гүйцэтгүүлж, түүний дагуу барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг гүйцэтгэсэн.
Энэхүү төслийн ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, талбайн зохион байгуулалт, ажил гүйцэтгэх хуваарь, ажлын дараалал гэх мэт төлөвлөлтийг нарийвчлан гаргаж гүйцэтгэснээс гадна ажлын зургийг гарын авлага болгон бага гэлтгүй шаардлагатай материалаа урьдчилан захиалан ажилласнаар барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хугацааг богиносгож чадсан юм.
Ажлын гүйцэтгэлийн шатанд төсвийн болон материал зарцуулалтанд тогтмол хяналт тавьж ажилласнаас гадна, чанарын, ажлын явцын, үе шатны зэрэг хяналт шалгалтуудыг тогтмол мөн тодорхой давтамжтайгаар тавьж ажилласнаар гэрээт ажлын чанар, хугацаанд тодорхой ахиц гарсан.
Шинээр баригдсан дулааны станцын хувьд төслийн техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлан хайгуул шинжилгээний ажлыг гүйцэтгэж, хөрсний бүтцийн геологийн дүгнэлт гаргах, станцын байр зүйн зураглал хийх, газар хөдлөл, салхины чиглэлийн өгөгдөл гэх мэтийг үндэслэн төслийн судалгаа хийж, зургийн даалгавар гаргаж, зураг төслийг боловсруулан барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэж байгаагаараа онцлог юм.
Дулааны станцын газрын захирамжийн дагуу байрзүйн зураглал хийж, гадна хашаа барих, цахилгаан дамжуулах агаарын 3.2 км хос шугамын угсралтын ажлыг гүйцэтгэснээс гадна цэвэр усны шугам татах, гүний худаг гаргах зэрэг ажлуудыг 2012 оны 10-11 саруудад хийж гүйцэтгэсэн.
2013 оны 4-р сараас эхлэн станцын газар шороо, барилга байгууламжийн суурийн ажлууд эхэлж, үндсэндээ 10-р сарын 01 гэхэд эдгээр ажлууд дуусч 1600 гаруй тн цемент, 200 гаруй тн арматур төмрийг ашигласан томоохон бүтээн байгуулалтыг гүйцэтгэж чадлаа. Түүнээс гадна дулааны станцын оффисийн 2 давхар барилгыг иж бүрнээр нь барьж, богино хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд оруулахад бэлэн болгоод байна.
Тоног төхөөрөмжийн сонголтыг хийхдээ тендерийн шаардлагад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашигласан тоног төхөөрөмжүүдийн судалгаа хийж үйлдвэрлэгч болон зураг төслийн байгууллагуудтай хамтран ажиллаж тоног төхөөрөмжийн сонголт хийгдсэн.
Тус дулааны станцад QXL14-1.6/150/75-AII маркийн ул ширэмтэй 3ш зуух, TD75 маркийн 60 тн/ц хүчин чадал бүхий түлш дамжуулах ZKC-5 маркийн гинжит дамжуулга бүхий үнс зайлуулах систем, SLS200-500, SLS65-250, SLS150-315 марк бүх бүхий насосууд /16ш/, AM25-BPG/16230 маркийн 30МВт хүчин чадалтай ялтаст дулаан солилцуур гэх мэт тоног төхөөрөмжүүд суурилагдсанаас гадна түлш дамжуулах хэсэгт нүүрсийг 30мм хүртэл фракцлан ялгах шигшүүр бүхий бутлуур /РС0810/, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигласан өндөр мэдрэгчтэй металл ялгагч /GZ4/, металл баригч /RCDC6.5/ зэргээр тоноглогдсон.
Тус дулааны станцын техникийн үндсэн үзүүлэлтүүдийг харуулвал:
– Зуухны чадал -14МВт
– Утааны хийн гарах температур – 1420С
– Зуухны AҮK >81%
– Үнс баригчийн АҮК ≥ 93%
– Үндсэн хэсгийн баталгаат хугацаа -30 жил
– Нүүрс дамжуулах хүчин чадал – 60тн/ц
– Нүүрсний зарцуулалт – 2.41 тн/ц
– 1 зуухнаас гарах үнс шлак – 0.4 тн/ц
– Зуухнаас гарах утааны хийн дэхь үнс – 0.1тн/ц
– Утааны хийн дэхь тоосны ялгаралт – ≤ 50mg/Nm3
SO2 – ≤ 900-1500 mg/Nm3
NOx – ≤ 510 mg/Nm3
CO – ≤ 200 mg/Nm3
Дулааны станцын үндсэн тоноглол болох зуухыг Хөшөөт, Хар тарвагатайн орд газрын нүүрсний шинж чанарт тохируулан, өндөр температурын шаталтанд тэсвэртэй ул ширэмтэй байхаар сонгосноос гадна удирдлагын шитнээс ул ширэмний ажлын температурыг хянах боломжтой юм.
Тус станцын бусдаас ялгарах онцлог, давуу талуудаас дурьдвал:
- Зуухны ул ширэм нь өндөр илчлэгтэй нүүрсэнд /6100ккал/кг-7100ккал/кг/ тохирсон өндөр температурт тэсвэртэй физик химийн шинж чанартай
- Хими ус цэвэрлэгээний төхөөрөмжүүд нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн, автомат удирдлагатай, усанд байгаа хийн хольцийг төмрийн үртэсийг ашиглан зайлуулах аргыг ашигласан.
- Орон нутагт баригдаж байгаа дулааны станцын технологийн процессийн удирдлагын системийг DCS(Distributed control system)-ээр шийдсэн онцлогтой.
Түүнээс гадна зуухны усаар сүлжээний усыг бие даасан дулаан солилцуулагчид халаахаар төлөвлөгдсөн нь усан халаалтын зуухны халах гадаргууд хаг, хусам тогтоохоос урьдчилан сэргийлэх, зуухны усны горимд онцгой анхаарсан нь төслийн үр дүнд эерэгээр нөлөөлөх давуу талтай.
2013 | 42МВт | Ховд аймгийн төвийн шинэ дулааны станцын зураг төсөл боловсруулах барилга угсралтын ажил /Удирдлагын зураг төсөл зохиох, монтажлах , туршилт тохируулга хийх/ |
2014 | 42МВт | Дулааны станц дулааны шугам сүлжээний шинэчлэл ,ТЭЗҮ ,зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх багц-1 буюу Ховд аймгийн төвийн шинэ дулааны станцын зураг төсөл боловсруулах барилга угсралтын ажил |